02 November 2010

ТОЛБОГҮЙ МОНГОЛ

Х. Эрдэмбилэг
Монголын гээгдсэн төрх эргэж тодорно.
Тодор ч болно. Тодорхч ёстой.
Гэхдээ энэ нь аажим аажмаар, алхам алхамаар сэргэнэ. 14-р Далай Лам
Монгол хүн хөх толботой. Монгол эцэг, эхээс мэндэлсэн хүүхэд хөх толботой төрдөгийн нууцийг сайтар судлаагүй. Гэхдээ энд судалсан судлаагүй нь огт хамаагүй. Хамгийн гол нь төрдөг нь үнэн, төрж байсан нь үнэн, хөх толботой төрдөгтөө бахархдаг нь ч үнэн. Энэ нь бидний онцлогийг тодотгодог болохоор монгол хүн хөх толбоо бэлэгшээдэг. Хүүхдийнхээ хөх толбийг хараад хөх тэнгэрээ харсан мэт болдог.
Ингэж бэлэгшээдэг маань бид өвөг дээдсээ хүндэлж, гарал угсаа, өв уламжлалаа үр хүүхэддээ дамжуулахыг хүсдэгийн илрэл. Бас замхарч монгол биш, толбогүй болохыг битүүхэндээ айдагийн баталгаа. Харамсалтай нь хонгон дээрх толбо хүүхэд байхад арилна, арилдаггүй байсан ч монголоо баталахын тулд бөгсөө хүнд үзүүлэх биш дээ.
Насанд хүрсэн хүнийг монгол гэдгийг нь гадаад төрх, хэл яриа, зан заншил, ааш характэр, хөдөлгөөний эвсэл нь багтаж өгнө. Хөдөөний малчид энэ нь ядаад байх зүйл биш. Морио унаад л малаа хариулаад, эёгий гэртээ амьдарч буй дээлтэй монголыг хэн ч хятад панзчин, орос,америкийн дүү гэж андуурахгүй нь ойлгомжтой. Харин дээл өмсдөггүй, хотод өсөж морь унаж үзээгүй залу монголд бол энэ жаахан бэрхшээлтэй асуудал. Мэдээж гонжоом өмссөнөөр монгол биш болчихгүй. Нэгэнт бүрэлдсэн нэгж бие, цус бүлээн цагт үндэстэн арилжихгүй нь ойлгомжтой. Ямарч гэсэн бидний бие хаа бусдаас жаахан анги, хэн ч харсан монголуу даа, гэхээр өвөрмөц. Чингисийн удам тоо цөөтэй ч 21-р зуунд мянган үндэстний дундаас, мярс мярс гээд бие биенээ андуурахгүй таньдаг нь бахархууштай.
Гэвч энэ зуунд магнай халзан хурга мэт зөвхөн гаднах байдлаараа гадныхнаас ялгарах нь хангалтгүй. Яагаад гэвэл цаана чинь хүн төрөлхтөн \хэдийгээр даяаршлагдаж байгаа ч\ ямар нэг измээр биш, тэр бүү хэл улс төх, эдийн засгийн систетээр бус харин хамгийн энгийн, суурь болох соёл иргэншил, шашнаараа х уваагдан, эгч, ахан дүүсийн барилдлагаараа нэгдэн нягтарч, тус тусдаа хөнжилдөө орон, улс төрийн шинэ харилцаанд оржээ. Энэ тухай 1993 онд Ханигтон гээч эрдэмтэн бичсэн нь өдийд биелэж байна хэмээн манай судлаач Д.Баярхүү дамжуулав.
Эрдэмтэн Ханингтоны үзсэнээр, ойрын ирээдүйд дэлхийн нэгдмэл иргэншил гэж бий болохгүй харин ондоо иргэншлүүд өөр хоорондоо эвтэй амидарч л сурах шаардлагатай болох аж.
Тиймээс хүссэн хүсээгүй соёл, иргэншлийн эрэлд монголчууд мордож, өөрийгөө ба өрөөлийг танин, төрөл саднаа олж зөвхөн гаднах төрхөө бус дотоод үзлээ ч цэгцэлж, соёлын онцлог, үнэт зүйлсээ тодорхойлж, юуг гээх, юуг бусдаас авах вэ гэдгээ тунгаах хэрэг гарлаа.
Соёл, иргэншлээ тодорхойлох гэдэг бидний хувьд үнэхээр бэрх асууал, яагаад гэвэл бид амьд СОЁЛЫН ТОЛБОГҮЙ (cultural identity). Соёлын толбо, онцлог гэдэг маань тухайн ард түмний өвөрмөц дүр төрх, өвөрмөц дүр төрх маань өвөрмөц соёл дээр түшиглэсэн байдаг. Өвөрмөц соёл соёолдог ганц хөрс нь бол хар тамхи хэмээн манайхны нэрэлдэг шашин.
Тэгэхлээр уламжлалт соёл, шашнаасаа нуухтай нүдтэйгээ угз татуулсан ард түмэн соёлын онцлоггүй буюу толбогүй тархитай байх нь аргагүй. Монголчууд өнөөдөр яах аргагүй толбогүй соёлын хямралд (crises of cultural identity) оржээ.
Гэтэл хөгжил зөвхөн эдийн засаг биш уугуул соёлын дэвсгэр дээр цэцэглнх бас учиртай юм байна. 1988 онд ЮНЕСКО-ын Ерөнхий захирал федерико Мажер Соёлын Хөгжлийн Дэлхийн 10 жил (World Decade for Cultural Development)хөтөлбөрийн нээлтэн дээр:
Ямар ч эдийн засгийн хөгжил, улс төр, эдийн засгийн хандлага байлаа ч аливаа нийгэмд соёлыг хөгжлөөс салгаж болохгүй гэдгийг сүүлийн 20 жилийн туршилга харууллаа...Эдийн засгийн хөгжлийг соёлынхоо хүрээнд зохицуулалгүй дээдэлсэн орны эдийн засаг, соёлын тэнцвэргүй байдал нь бүтээлч чадавхид нь муугаар нөлөөлжээ. Жинхэнэ хөгжлийн нөөц бол хүний нөөц, материаллаг баялгийг дээд зэргээр ашиглахад орших учир хөгжлийн зорилго, түлхэц, эрхэмлэх зүйлс, эцсийн анализ нь соёлоос олдох ёстой гэж хэлжээ.
Энд Монголын далаад жилийн туршлагыг хамруулж хэлсэн юм. Хэрэв ф.Мажерын үгийг чааш ухвал соёлын нэгдмэл нэгдмэл багатай Зүүн Хойд Азийн бүсэд багтаад, зөвхөн эдийн засгийн итеграгцчилал хийгээд хөгжинө гэдэг бүтэхгүй аж. Эсвэл соёлоо баруунаас, эдийн засгаа Хятадаас аваад хөгжих бүр ч маапаантай. Ингэх нь социализмын алдаагаа давтахтай л адилхан, яагаад гэвэл хуулбар юм хэзээ ч хүний чадавхийг сорьдоггүй. Тэр дундаа Монгол шиг хөгшин үндэстэн хөгжлийн түлхэцийг дотроосоо л хайна уу гэхээс гаднаас эрэх нь алдаатай болох нь. Иймээс бид өнөөдөр эхлээд соёлын толбоо тодотгох хэрэгтэй. Тэгэж байж л бид өөрсдийгөө ойлгон улс орноо зөв замаар хөгжүүлнэ. Ингэж чадсан нөхцөлд л Монголын хөгжил тогтвортой урагшилна.

27 October 2010

Марга буюу найман давхар зам

Будда нэг удаад "Би зөвхөн Дукха болон Дукха-гаас хэрхэн ангижирахыг номлож байна" гэжээ. Хүн төрөлхтөн зүрх сэтгэлийн болон оюун санааны өвчин зовлонгоос ангижирч чадвал аяндаа  хийсвэр бодлын (оюун санааны) өндөрлөгт хүрнэ гэжээ. Буддист хүн амьдралыхаа турш энэхүү найман замыг төгс төгөлдөр үйлдэх хэрэгтэй гэнэ. Найман Давхар Зам нь амьдралын бүх нөхцөл байдлыг агуулдагаараа онцлогтой юм. Үүнд:
  1. Зөв ойлголт
  2. Зөв хүсэл эрмэлзэл, зорилт
  3. Зөв хэл яриа
  4. Зөв алхам, үйлдэл
  5. Зөв аж амьдрал
  6. Зөв хичээл зүтгэл
  7. Зөв үзэл бодол
  8. Зөв анхаарал төвлөрөлт
 Эдгээр найман үйлдэл нь Дукхагаас ангижирихийн тулд мөрдвөл зохих ариун үнэн юм.

25 October 2010

Буддизмийн 4 үндсэн мөн чанар

Будда гэгээрэл олсныхоо дараа айлдсан эхний номлол нь дөрвөн агуа үнэн буюу Дукха юм. 
Дукха (Dukkha)-Түр зуурын тохиолддог бүх юмс нь дукха гэнэ. Паль хэлнээс гаралтай энэ үг нь ямар ч хэлээр төгс орчуулагддаггүй юм байна. Дукха үгний утга нь ерөнхийдөө гай зовлон, зовиур шаналал, сэтгэл хангалуун бус байдал болон аз жаргал, хайр дурлал гэсэн утгыг агуулдаг гэнэ.
Самудаяа (Samudaya)-Дукхагийн эх үүсвэр нь хүний хүсэл тачаал юм. Хүсэл тачаалал бол бүх зовлонгын үүд хаалга. Яг одоо байгаа юм бүхнийг байгаагаар нь хүлээж авахгүй үргэлж өөрчлөгдөхийг хүсэх нь дукхагийн үүсвэр юм. 
Ниродха (Nirodha)-Хүслэсээ ангижирах тэр мөчид зовлон төгсгөл болно. 
Марга (Marga)- Марга буюу найман давхар зам бол хүслээсээ ангижирих цорын ганц арга гэнэ.
Дөрвөн агуа үнэн нь тус бүрдээ үүрэгтэй байдаг. Энэ нь:
Зовлонг ойлгож, ухаарч, танин мэдэж ухамсарлах,
Зовлонгын шалтгаанаас ангижрах,
Зовлонгоос салснаа мэдрэх,
Зовлонгоос ангижирах замыг хөгжүүлэх хэрэгтэй. Эдгээр үүргийг амжилттайгаар гүйцэтгэвэл оюун санаа чөлөөлөгдөнө гэсэн байхымаа.
Гурван төрлийн дукха байдаг гэнэ. Үүнд:
Дукха-дукха (dukkha-dukkha): Бие махбодийн, оюуны болон сэтгэл санааны өвчин
Випаринама-дукха (viparinama-dukkha): Биелэгдэшгүй хүлээлтүүд ба аз жаргалтай мөчүүдийн төгсгөл гэсэн утгыг агуулна. Ямар ч зүйл үргэлжийн бас мөнхийн байдаггүй. Аз жаргал, агуа амжилтууд ч үүрд биш. Энэ нь аз жаргал болон амжилтыг муу зүйл, таалах  нь буруу гээгүй юм. Үнэхээр таатай байвал аз жаргалыг мэдэр. Гагцхүү бүү авт!
Санкара-дукха (sankhara-dukkha): Өвчин зовлонгын эх үүсвэр. Дукхаг ойлгоход хамгийн хэцүү хэсэг нь санкара дукха. Юм бүхэн бие биенээсээ хамаарч, нэг нэгэндээ нөлөөлдөг. Үүнд хүний оюун санааг бүрдүүлж буй хүчин зүйлүүд болон скандханууд (1. гадаад болон дотоод мэдрэх бие, 2. мэдрэмж, 3. ойлгоц, 4. зөн совин, 5. оюун санаа) багтана.
Төрөлт дукха, наслалт дукха, өвчлөлт дукха, үхэл дукха, дургүй зүйлтэйгээ таарах дукха, хүссэн зүйлээсээ хагацах дукха, хүссэнээ авч чадахгүй бол дукха, хүсээгүй зүйлдээ өртөх дукха товчоор хэлвэл (1. гадаад болон дотоод мэдрэх бие, 2. мэдрэмж, 3. ойлгоц, 4. зөн совин, 5. оюун санаа) энэ таван үйлд захирагдах нь дукха юм байна.

30 July 2010

Blog blog blog bla bla bla..........

Нэг л мэдэхэд 7 сарын 30 болцон намар цаг аажим аажимаар айсуй. Өнөөдөр гадаа хит халсан нар байхгүй бүрхэгдүү, намуухан миний дуртай өдрүүдийн нэг болж байна. Гэнэт миний толгойд: блог хөтөлдөг хүмүүс ихэвчлэн яг ямар үедээ блог дээрээ юм бичдэг бол гэж бодогдлоо. Мэдээж блогоо ямар зорилгоор хөтөлдөг нь нөлөөлөх байх. Ихэнхдээ хувийн сонирхлоороо өөрийгөө хөгжүүлэх зорилготой гэж үзүүл блог дээрээ юм бичмээр санагддаг үе байж л таараа. Жишээ нь ямар нэг сайхан эсвэл муухай зүйл тохиолдоод тэрнийгээ бусадтай хуваалцмаар санагдах, үгүй бол юу ч хамаагүй бичээл байх хоббитой ч юмуу??? Бүүр эсүүл төлөвлөгөөтэйгөөр цаг гаргаж бичсээр байгаад амьдарлыхаа нэг хэв маяг ч болгосон байж болох юм. Миний хувьд гэвэл яг энэ бичилт маань миний анхны бодлоо бичиж буй нь. Хэдийгээр ааль эрт 2007 онд блогоо нээсэн ч гэсэн яг өнөөдөр л, яг энэ цагт гэнэт юм бичиж байгаа маань сониндоо (донжтой хэлэв). Яасын болоо? надад юу тохиолдсын болоо гэж өөрөөсөө асуутал ГАНЦААРДСАН гэсэн хариу оллоо. Ганцаардсан гэдэг үгийг олон дахин хэлээд байсан чинь сүүлдээ гадаад үг мэт сонсогдох шиг боллоо.

28 July 2010

Күнзийн сургааль бол алт...



  • Хорвоо дээр би ямар ч мэдлэгтэй төрөөгүй. Мэдэхгүй тэр бүхнээ би гагцхүү үнэн мөний тус дэмээр таньж авсан.
  • Ноён нуруутай эр хүний ёс суртахуун салхи мэт, дорд сурталтай хүний авир өвс мэт. Салхи хаанаас байна, тэр зүгт өвс хаашаа ч хамаагүй тонголзож байдаг.                        
  • Хэрвээ чи алдаа хийвэл түүнийгээ бүү зөвтгө, тэр чинь алдаа.
  • Чи өөртөө бүү учраасай гэж боддог зүйлээ бусдад бүү учруул.
  • Юу ярьж буйг нь мэдэхгүйгээр хүмүүсийг таних арга байхгүй.
  • Өлбөрч үхнэ гэдэг бол бага хэрэг, ёс төрөө уландаа гишгэх л тун муу хэрэг.
  • Ёс зүйтэй хүн ухаалаг ярьж чаддаг.
  • Дөчин нас хүрсэн мөртлөө таагүй сэтгэгдэл төрүүлдэг хүн бол нэгэнт дууссан хүн.
  • Шударга хүн бусдын мөрөөр явдаггүй.
  • Өөртөө хатуу бусдад зөөлөн бай. Тэгж байж л чи хүмүүсийн зүгээс учрах хороос сэргийлж чадна.
  • Хүн л замыг өргөсгөдөг. Харин зам хүнийг биш шүү.
  • Мунхаг хүн өөрийг нь ойлгохгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүст ойлгуулж чадахгүй байгаадаа харамсдаг.
  • Мэргэн ухаанд хамгийн ойрхон цэг бол аливаа юмны алтан дундаж юм.
  • Түүнд хүрэхгүй байна гэдэг нь түүнд дайраад анзааралгүй өнгөрөөд явчихтай адилхан.
  • Хэн нэгний ухааныг бусдын ухаантай харьцуулж болно. Харин хүний тэнэгийг өөр хэний ч тэнэглэлтэй жишин харьцуулахын аргагүй.
  • Эмэгтэйчүүд хийгээд дорд эрчүүдтэй харьцах тун хэцүү. Хэрэв тэдэнтэй ойртон дотносох юм бол, үгийг чинь сонсохоо болино. Холдох юм бол, тэдний зүгээс чамайг зайлшгүй үзэн ядах болно.
  • Дундаж хүнээс дээшээ гарсан хүнтэй дээд юмны тухай ярьж болно. Харин дунджаас доогуурхтай дээд юмны тухай ярьж болохгүй.
  • Хүмүүс зан авираа засаж сайжруулахгүй, сургаж хэлээд байгаа юмыг ойлгохгүй, бас үүргээ мэдэж буй атлаа түүнээ биелүүлж гэм согогоо хаяж гээх чадваргүйг хараад би гасалж гунихрах юм.
  • Төгөлдөр мэргэн хүнтэй учирна гэж бодохоо би бүүр больсон. Буянтай сайхан хүнтэй уулзвал л болох нь тэр бололтой.
  • Хүн яахаараа дөр жолоогүй хэнэггүй, үг сүггүй худалч, ичих нүүргүй шударга бус байж чадаж байна вэ гэдгийг би ер нь ойлгодоггүй юм.
  • Анхааруулан хэлсэн зүй ёсны сануулгыг хүлээж авахгүй байж яахин болох билээ. Тэгэхдээ энэ дагууд өөрөө засрах нь чухал. Аятайхан хэлж буй зөвлөгөөг сонсоод баярлахгүй байж хэрхэн болох билээ. Тэгэхдээ зөвлөгөөний утга учрыг сайн олох нь чухал. Зөвшөөрөөд л байдаг авч өөрийгөө засдаггүй, утга учрыг нь олоогүй байж баярлачихдаг хүмүүст би тусалж чадахгүй.
  • Мэдэж буй хүн эргэлздэггүй
          Хүнлэг хүн сэтгэл чилдэггүй
          Зоригтой хүн айж эмээдэггүй.
    • Буянтай сайн хүн бол хүнд байгаа бүх сайн юм нь ялж дийлэхэд тусалдаг. Шальгүй жижиг хүн бол муу юм нь ялж дийлэхэд нөлөөлдөг.
    • Чи хэрэв өөрөө биеэ зөв авч явж байгаа бол чамайг ямар ч тушаал хэрэггүйгээр дагана. Чи өөрөө биеэ буруу авч явбал тушааж албадсан ч тоохгүй.
    • Өөртөө хатуу, бусдад энэрэлтэй байвал өс хонзон үүсдэггүй.
    • Шударга ёсны тухай ярихгүйгээр бүтэн өдөржингөө цэцэрхэн сууж яахин болох билээ!
    • Ухаантай сийрэг хүн өөрийн төгөлдөр бусдаа л санаа зовохоос биш, нийтэд алдаршсангүй хэмээн харуусан гомдолдоггүй юм.
    • Ухаантай сайн хүн жижиг юманд үнэлэгддэггүй боловч бүхий л аугаа ихийг хийж чадна. Шальгүй жижиг хүн бүхий л аугаа ихэд хүч чадалгүйн учир бага жижиг юманд үнэлэгддэг.
    • Ухаантай сайн хүн зарчмыг хатуу барьдаг боловч зөрүүдэлдэггүй.
    • Зам адилгүй байвал төлөвлөгөөг хамтран зохиодоггүй.
    • Яруу тод байх гэдэг ярианд тавигддаг гол шаардлага.
    • Ашигтай тустай найз гурав, хор хөнөөлтэй найз бас гурав буй.
      Шударга нөхөр, цэвэр цагаан сэтгэлтэй нөхөр, ихийг мэддэг нөхөр гурав ашигтай. Худлаа хэлдэг найз, хоёр нүүр гаргадаг найз, сайхан ярьдаг найз гурав хортой.
    • Ухаантай сийрэг хүн гурван цээрийг барьдаг. Амьсгал, цус нь халуун буй бага залуу насандаа хормойн цэнгэлээс зайлсхийдэг. Амьсгал, цус нь хүчтэй буй идэр насандаа хэрүүл маргаанаас зайлсхийдэг. Амьсгал, цус нь суларсан өтөл насандаа хомхойн шуналаас зайлсхийдэг.
    • Ухаантай сийрэг хүн гурван цээрийг барьдаг. Амьсгал, цус нь халуун буй бага залуу насандаа хормойн цэнгэлээс зайлсхийдэг. Амьсгал, цус нь хүчтэй буй идэр насандаа хэрүүл маргаанаас зайлсхийдэг. Амьсгал, цус нь суларсан өтөл насандаа хомхойн шуналаас зайлсхийдэг.  
    • Ариун сурталт эр хүн ёс зүйг санаж явдаг, дорд хүн яавал сайхан амь зуухаа л боддог.
      Ариун сурталт эр хүн хууль зөрчихгүйг боддог, дорд хүн ашиг олохоо л боддог.
    • Цуурхал тарааж буй хүн сайн үйлийг гээсэн байдаг. Шальгүй муу хүнтэй хамт эзэнд зүтгэж хэрхэн болох билээ? Шальгүй муу хүн бол зорилгодоо хараахан хүрээгүй байхдаа зөвхөн түүндээ л хүрэх гэж зовж шаналан зүтгэдэг.
      Зорьсондоо хүрчихвэл тэндээ тогтож тэсэж байх гэж шаналдаг. Олсноо алдчихгүй юмсан гэж зовж шаналахдаа тэрбээр ямар ч муу юм хийхэд бэлэн байдаг. Шальгүй жижиг хүн алдаа гаргачихвал ямагт өөрийгөө цайруулан зөвтгөх гэж оролддог.

    26 July 2010

    Жаргал зовлон

    Р.Чойном: Жаргал зовлон

    Хатмал цөлд явахад хар ус амттай
    Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
    Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
    Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай

    Ингэхэд ер нь жаргал гэж
    Илэрхийлж юуг хэлдэг юм бэ
    Хүндэт тэр жаргал тэгээд
    Хүн бүхэнд адилхан уу

    Үгүй дээ, үүлэнд хэлбэр байхгүй
    Үйсэнд ширхэг байхгүй
    Үндсэнд тоо байдаггүй
    Усанд өнгө байдаггүй
    Утаанд үнэ байдаггүй
    Ургамалд дуу байдаггүй
    Учир нь гэвэл
    Хэтэрхий баян байгал
    Хэлбэрт захирагдах дургүй гэнэ
    Хэнд юу сайхан бэ гэдгийг
    Хэлж тогтоож болдгүй гэнэ...

    Амтатны сайхныг идэж
    Өнгөтний сайхныг өмсөж
    Аливаад дутах зовлонгүй
    Амар жимэр суухыг
    Зарим хүн жаргал гэнэ
    Залхаж хагас нь зовлон гэнэ
    Гэтэл бусдаас харамлах өмчгүй
    Будаж гоодох гоёлгүй
    Буруудсан ч зөвдсөн ч
    Хувьдаа буйдхан тэнэж явахыг
    Эр хүний жаргал гэнэ
    Энэ насны зовлон ч гэнэ
    Сайн хүлгийг унаад
    Сайхан эмээл тохоод
    Хүүхний сайхантай ханилаад
    Хүнд гайхуулж явахыг
    Хамгийн дээд жаргал гэнэ
    Хагас нь бас зовлон гэнэ
    Гэтэл хүн тоохгүй унаатай
    Хүүхэд ч тоохгүй эмээлтэй
    Амьтан тоохгүй эхнэртэй
    Амиан борлуулж суухыг
    Алд биений жаргал
    Арчаа байхгүй зовлон ч гэнэ
    Төрийн тушаалд дэвшиж
    Төмөр царай царайлж
    Эгэл олныг айлгаж
    Эрх ямбатай явахыг
    Дурлаж зарим нь жаргал гэнэ
    Дургүйцэж зарим нь зовлон гэнэ

    Гэтэл
    Халагдхаасаа өөр сэтэргүй
    Хавийханыгаа айлгах сэнтэггүй
    Хар гэртээ хаан
    Бор гэртээ богд байхыг
    Хал балгүй жаргал гэнэ
    Хагас нь бас зовлон гэнэ

    Намба ухаан төгс
    Нас тогтсон авгайтай
    Энхрийлэл халамж хоёрт нь
    Эрхлэн хөлчүүрч хэвтэхийг
    Зарим хүн ухаалаг жаргал гэнэ
    Зарим хүн уйтгар гуниг гэнэ

    Гэтэл
    Амьдрал мэдэхгүй багчуудыг
    Амаргаа болгож аваад
    Ноолуулж эрхлүүлэх ялдамд
    Номорхож томорхож суухыг
    Энэ биений жаргал гэнэ
    Эр хүний зовлон ч гэнэ

    Ай, Элдэв жаргал хэмжээтэй
    Эцэст нь төлөх үнэтэй
    Эрдэм сурах сансандаа хүрэх хоёр л
    Энэ насны жаргал гэлтэй

    Ай даа, Хожмын үр сад минь дээ
    Хорин зууны бичиг судлахдаа
    Зовлон гэж юу байдгийм болоо гэж
    Зон олноосоо сураглаж явах болтугай

    Энэ үеийн бидэнд уух ус, идэх талх шиг
    Элбэг байсаар байгаа зовлон гэдэг сүүдрийг
    Нэвтэрхий толийн хуудаснаас холын удам минь
    Нэн ч зүдэж байж олж ойлгох болтугай

    Энэ миний үеийнхэн хэн маань ч ялгаагүй
    Элс шороотой хөдөөрхүү нутагт
    Жаргал дунд биш зовлон дунд
    Жаалхан биеэрээ унаж тусан төрсийм
    Унахдаа дуулж төрөөгүй ээ
    Уйлж төрсийм
    Өргөс ихтэй энэ хорвоог
    Өөрөө ч мэдэлгүй зовлонд тооцном тэр
    Ой мод шиг зовлон дундаас
    Гээсэн сүх шиг жаргалыг
    Олох гэж яваад нэгэн насаа бардгийм
    Олон зууны олон олон үеийнхэн
    Олсноосоо олоогүй нь ихээ
    Эх дэлхийн минь тансаг амьдрал дунд
    Энэ их зовлон чухам хаанаас ундарнам бэ?
    Элж улирдаг их түүхийн турш
    Элдэв зовлон барагддаггүй юм уу?

    Үгүй ээ!, Барагдах нь байтугай багссангүй
    Үндсий нь хүн өөрөө тарьж
    Үр жимс мэт зовлонгоо ургуулж үржүүлж
    Бие биендээ тараасаар байнам
    Өвөг дээдэс болсон сармагчин ажаагаа
    Өвчиж төрсөн хүн гэдэг амьтан
    Өөртөө дандаа дайсан болж
    Өег жаргалын оронд
    Өвчин зовлон санаачилна
    Үстэй чихэвчтэй малгай заохиосон мөртлөө
    Үдэш өглөөний жаварт гоёж явж чихээ хөлдөөнө
    Ган халуун зун нэрэлхэж гангалж
    Бариу гутал өмсөөл хөлөө сүйтгэнэ
    Хортойг нь мэдсээр байж архи дарсанд
    Хорхойтсон баавгай шиг шунан согтоод
    Хотуут өнжүүд огиж бөөлжөөд
    Хоосон хохийн шартхын зовлон эдлэнэ
    Унд хоол байсаар байтал тамхины утаа залиглаж
    Бохь зажилж
    Авсанд ортлоо зэрэмдэг болоод
    Ам чөлөөгүй зовлон тоочино
    Хүсч өөрий нь тоох нь байтугай
    Хүн байна ч гэж хараагүй
    Хар элгийн хүнд шохоорхон
    Хайртай боллоо гэж давхиад
    Эвийг нь ололгүй сээтэгнэж
    Эгдүүг нь хүргэж орхиод
    Эцэст нь өөрийгөө тоосонгүй ээ гэж
    Элдвээр харааж зүхэж үлддэг
    Тэрүүнийгээ өсгөн өсгөн
    Тэнгэрт тулсан зовлон тоочдог
    Тоочсон зовлондоо өөрөө итгэж
    Толгой мэдрэлийн солио тусдаг
    Элдэв хуулийг өөрөө батлаж
    Эцэст тэрнийгээ өөрөө зөрчиж
    Эрүүгийн хэрэгтний сандалд сууж
    Элгэн саднаараа зовлон болдог

    Хэтэрхий бөх шорон барьчихаад
    Хэрэг тарьж өөрөө орчихоод
    Хэл мэдэхгүй адгуус гэмээр
    Хэв хэрэггүй орилож цамнадаг
    Өөрсөндөө эцэст амар заяа үзүүлэхгүй
    Өөдгүй хэнхэг хүнд их эрх эдлүүлээд
    Хариуд нь тэрэндээ үе удмаараа харгислуулаж

    Гашуун зовлон эдлэнэ
    Төрсөн үрээ үг сүггүй эрхлүүлж
    Төрхгүй мунхаг болгож өсгөөд
    Хөлд нь сүүлд нь өөрсдөө үрэгдэж
    Хөрөнгө хогшил нэр төрөө баллуулдаг
    Хүмүүс минь дээ!
    Хүсэл чинь их ухаан чинь урт ч гэлээ
    Хүлээх тэвчээр чинь даанч богиноос болж
    Хүүхэд мэт сониучхан аашиндаа хөтлөгдөн
    Эртнээс эдүгээг хүртэл та нар
    Эрэг сондуул мэт нуран нурсаар иржээ.
    Эзэгнэн захирч чадаагүй өөрөөсөө болоод
    Энэ мэтчилэн зовсоор та нар байх юм уу